|
Эрхэм зорилго: Монгол орны гол, усны нөөц вэб хуудасны гол зорилго нь манай орны байгалийн баялгийн ашиглалт болон байгаль орчинтой холбоотой өргөн хүрээтэй сэдвийн талаарх мэдээллээр хангах юм. Энэхүү вэб хуудас нь тус улсын байгаль орчны асуудлууд тэдгээртэй холбогдолтой мэдээ мэдээлэл, олон улсын практик туршлага зэргийг агуулах болно. Өөр өөр ашиг сонирхол бүхий хүмүүсийг байгаль орчин, экологи болон нөөц ашиглалттай холбоотой мэдээллээр хангах, мэдээ мэдээллийг хүртээмжтэй болгох хэрэгцээ шаардлага АНУ-ын Азийн Сангаас байгаль орчны “Ирээдүйгээ баталгаажуулах нь” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн эхний жилээс тодорхой харагдсан юм. Энэ байдлыг харгалзан хувь хүн, албан байгууллагуудад мэдлэг мэдээлэл олж авахад нь туслах, холбогдох байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээ, мэдээллийг байрлуулж тэдэнд хүргэх үүднээс энэхүү вэб хуудсыг нээн ажиллуулж эхлээд байна. Вэб хуудас нь төсөл, хөтөлбөрүүд болон салбаруудын хооронд сүлжээ бий болгож Монгол орны өнцөг булан бүрт байгаа монголчуудыг холбохыг зорьж байна. Вэб хуудасаар дамжуулан олон нийтийг хөгжүүлэх, байгалийн баялгийг ухаалгаар ашиглах, байгаль орчин, хүний эрүүл мэндийг хамгаалах зэрэг асуудлаар бүх монголчуудыг адил тэгш мэдээллээр хангахад бидний зорилго чиглэгдэж байна. “Ирээдүйгээ баталгаажуулах нь” хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай бөгөөд Монгол улсын байгалийн нөөц баялгийн ашиглалтын тогтвортой байдлыг хөхиүлэн улмаар хариуцлагатай уул уурхай болон шудрага газар эзэмшилтийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. АНУ-ын Азийн Сан, Нидерландын Вант Улсын Засгийн газар, төрийн бус байгууллагуудын эвсэл, төрийн болон хувийн хэвшлийн харилцагч талууд хамтран энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол дахь ирээдүйн уул уурхайн үйл ажиллагаа нь байгаль орчин, үндэсний болон нийгмийн өв санд хохирол учруулалгүйгээр Монголын ард түмний урт хугацааны ашиг тусыг хангахад оршино. “Ирээдүйгээ баталгаажуулах нь” хөтөлбөр нь долоон бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд тэдгээрийн зорилго нь шийдвэр гаргах үйл явц, урт хугацааны хамтын ажиллагаа, удирдлага болон тус орны байгалийн баялгийн ашиглалт дахь олон нийтийн оролцоог хангах явдал юм. Долоон бүрэлдэхүүн хэсгүүдийг авч үзвэл: - Усны чанарын хяналтын сүлжээ хөтөлбөрийн гол зорилго нь голын усны чанарын талаар ард иргэд болон оюутан сурагчид, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ баримтыг шинжээч судлаачидтай хамтран цуглуулж улмаар Монголын усны хагалбарын цогц экологийн бүртгэл, жагсаалт гаргаж мэдээлэл бий болгох.
- Монголын уул уурхайн салбарын ирээдүйн төлөөх оролцогч талуудын үйл явцын зорилго нь төр засаг, хувийн хэвшил болон иргэний нийгмийн хооронд харилцан хүлээн зөвшөөрсөн Хариуцлагатай уул уурхайн тунхаг бичгийн нэг хэсэг болох хамтарсан хэлэлцэлүүдийг боловсруулах.
- Байгаль орчин, хүний эрүүл мэнд болон хүний эрхийн асуудалд нөлөөлж буй төр засгийн болон бизнесийн үйл ажиллагаанд оролцох болон түүнд хяналт тавих зорилгоор Нутаг усаа хамгаалах хөдөлгөөнүүдийн эвслийг бэхжүүлэх.
- Шудрага газар эзэмшилт хөтөлбөр нь иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх замаар уул уурхайн лиценз олгох үйл явцад гарч буй авилгалыг бууруулах, олон нийтийн оролцоо, хараа хяналтыг дээшлүүлэх, уг салбар дахь ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хөхиүлэн дэмжих.
- Бүс нутгийн байгаль орчны сургалтын төвүүд хөтөлбөр нь байгаль орчны боловсролд хүүхдүүд болон иргэдийг хамруулах зорилгоор таван аймгийн төвийн сургуулиудад Мэдээлэл харилцаа холбооны технологийг танилцуулах мөн олон нийтийн байгууллагуудын хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах .
- Монголын байгаль орчны солилцооны механизм хөтөлбөрийн зорилго нь Монгол оронд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, түүнийг хөхиүлэн дэмжих, мэдлэг мэдээллийн нэгдсэн ойлголтыг бий болгох үүднээс төр засаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллагууд болон орон нутгийн иргэдийн хооронд мэдлэг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэх.
- Монголын ногоон алт хөтөлбөрийн зорилго нь Монгол улсыг жинхэнэ “ногоон алтны” дэлхийн тэргүүлэх эх үүсвэр болоход чиглэгдсэн монгол алтны бренд гаргахад туслалцаа үзүүлэх.
|