Англи Монгол Холбоо барих

Cургуулиудын мэдээлэл

 
Боловсрол

Олон нийт, ард иргэдэд голын усны чанарт хяналт шинжилгээ хийх чадвар, дадал олгох, тэдгээрийг чадавхижуулах, мэдлэг мэдээллээр хангах нь гол усаа хамгаалах, Монгол оронд байгалийн нөөц баялгийн талаар хариуцлагатай, зөв бодлого, зохицуулалт явуулахад зайлшгүй чухал болж байна. Голын усны чанар түүний нөхцөл байдлын талаарх мэдээ, баримт нь нийт гол усны эрүүл байдлыг үнэлэн дүгнэх боломж олгох бөгөөд  Монгол орны гол усны талаар өргөн хүрээтэй мэдээлэл, тоо баримт, судалгааны материал гаргаснаар байгалийн баялгийн илүү зохистой ашиглалт, усны талаарх бодлого, усны нөөцийн удирдлага, зохицуулалтыг хариуцлагатайгаар явуулахад төр засаг, иргэний нийгэм төдийгүй олон нийтийн цаашдын үйл ажиллагаанд чухал хэрэглэгдэхүүн болох юм.

Энэ үр дүнд хүрэхийн тулд АНУ-ын Азийн сангийн Ирээдүйгээ баталгаажуулах нь хөтөлбөр усны чанарын хяналт шинжилгээний ажлыг явуулж эхэлсэн бөгөөд Монголын болон олон улсын экологич, биологич, профессор багш нар оролцсон баг ажиллаж орон даяар олон арван голын уснаас дээж авч шинжлэн судалж байна. Түүнчлэн олон арван багш, оюутан сурагчид болон ард иргэдийг гол усны чанарыг биологийн аргаар хэрхэн хянан шалгах, ууссан хүчилтөрөгч, биологийн хэрэгцээт хүчилтөрөгч, колиформ бактери, булингартай байдал, pH, усны сээр нуруугүйтэн амьтад зэргийг ашиглан усны чанарыг хэрхэн тодорхойлох, голын морфологи, гидраулик үзүүлэлтийг хэрхэн тооцох болон бусад физикийн үнэлгээний аргачлалуудыг зааж сургаж байна.   Багш, оюутан сурагчдыг хамарсан хяналт шинжилгээний ажил нь биологийн аргаар усны чанарыг шинжлэхэд ийнхүү чиглэгдэж байна.  Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран сургуулиудад сургалтын шинэ арга барилыг нэвтрүүлэхээр зорьж байна.  Судалгааны багийн ажил нь бүхэлдээ голын усны талаар үндэсний хэмжээний мэдээллийн сан байгуулахад шаардлагатай биологи, хими болон физикийн мэдээлэл, тоо баримтаар хангахад хувь нэмрээ оруулж байна.

АНУ-ын Азийн Сан нь Бүс нутгийн байгаль орчны сургалтын төвүүдийг Монгол орны 5 бүсэд байгуулах бөгөөд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хүчин чадлыг ашиглан байгалийн нөөц, хүний эрүүл мэнд, монголчуудын амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг эдийн засаг, хүрээлэн буй орчны нэн тэргүүний асуудлуудыг тодорхойлно. Компьютер, байгаль орчны судалгааны багаж хэрэгсэл, цахилгаан үүсгүүр (шаардлагатай бол), интернет зэргээр тоноглогдсон эдгээр сургалтын төвүүд нь сургууль болон олон нийтийн байгууллагуудын байгаль орчны талаар мэдээлэл солилцох, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах гэх мэт чуулга уулзалт, хурал семинар зэргийг зохион байгуулж байх болно. Мөн түүнчлэн эдгээр төвүүд нь төрийн бус байгууллага, иргэний нийгмийн болон бусад олон нийтийн байгууллагуудаас ард иргэдтэй харилцах болон байгаль орчны боловсролын хөтөлбөрүүд зохион байгуулахад чухал ач холбогдолтой нөлөө бүхий газар байх нь дамжиггүй.