Гол мөрөн
Монгол оронд нийт 67 000 км урт бүхий 4000 орчим гол мөрөн байдаг. Тэдгээр нь үндсэндээ хойшоо Хойт мөсөн далай руу чиглэсэн, зүүн тийшээ Номхон далай руу чиглэсэн, өмнө зүгт Говь руу чиглэсэн гэсэн 3 чиглэлээр урсдаг. Хойт мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй гэсэн 3 үндсэн ай савуудад цутгадаг байна. Том голууд нь тус орны хойт болон баруун хэсгүүд болох ихэнхдээ Монгол Алтай, Хангай- Хөвсгөл, Хэнтийн уул нуруудаас эх авч урсах ба жижиг гол, горхинууд нэгдэн томоохон урсгал усны сүлжээ үүсгэдэг аж. Харин нутгийн өмнөд хэсэг, зүүн болон төвийн нутгуудаар гол мөрөн цөөн, усны нөөц газрууд бага байдаг бол нутгийн баруун болоод өмнөд хэсгээр давст нууруудад цутгах буюу говь цөл рүү урсан шингэх шургадаг голууд, борооны усаар тэжээгддэг голууд гэх мэт гадагш урсгалгүй голын ай савууд байдаг байна. Монгол орны газар нутаг дотроо цутгалтай эсвэл гадагшаа далай руу цутгах голуудыг тусгаарладаг зааг нь Хангай нурууд болдог ба гол мөрнүүд нь үндсэндээ бороо хур тунадас, газрын гүний ус, цас болон жилд дунджаар 15-20 хувь нь хайлж байдаг мөсөн голуудаас эх авдаг байхад Говийн нутгуудад урсгал голууд нь газрын гүний усаар тэтгэгддэг аж. Дэлхийн хамгийн томд тооцогдох Енисей, Лена, Амар мөрнүүд нь Монгол орны уул нуруудаас эх авдаг. Сэлэнгэ мөрөн, түүний цутгалууд, Орхон гол нь Монгол орны голын системийн үндсэн бүрдүүлэгч нь болдог ба уг голууд нь Оростой хил залгаа нутгийн ойролцоо нийлэн урссаар дэлхийн хамгийн том, цэвэр устай Байгаль нууранд цутгадаг. Онон, Хэрлэн гэх мэт бусад томоохон голууд нь Дорнод Монголын нутгаар урсдаг байхад нутгийн баруун хэсгээр гадагш урсгалгүй Ховд, Завхан голууд байдаг. Монгол орон дахь гол мөрний 60 хүртэлх хувь нь ОХУ, Хятад орны газар нутаг руу урсан гардаг, үлдсэн 40 хувь нь говийн нутгууд дахь нууруудад цутгадаг байна. Монгол орны усны нөөц газар нутгийн нийт гадаргууд жигд тархаагүй бөгөөд голуудын урсгал тогтмол бус, улирлын чанартай урсац, бүс нутгийн онцлог зэргээс хамааран харилцан өөр өөр байдаг. Монгол орны эрс тэс уур амьсгалын улмаас өвөлдөө маш хүйтэн болж жилийн хагастай тэнцэх хугацааны турш гол мөрнүүд хөлдөн, томоохон мөрнүүдийн урсгал хэт удаашрах буюу бүхэлдээ гол горхинуудын урсгал бүрэн зогсоход хүрдэг, мөн хур тунадасны хэмжээ нутгийн өмнөд хэсэгт бага, ихэвчлэн хойт хэсэг рүүгээ унадаг, говийн хэт хуурай, гандуу байдлаас болоод гол горхины ус амархан уурших буюу газрын гүнд нэвчин шингэж урсгал усны түвшин нэлээдгүй багасдаг зэрэг онцлогууд илэрдэг байна.