Бичил уурхай эрхлэлт
Бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа гэдэг нь ашигт малтмалыг гар аргаар, бага оврын багаж хэрэгсэл ашиглан, техник технологийн хангалтгүй төвшинд олборлолт явуулахыг ажиллагааг хэлнэ. Монгол орны хэмжээнд бичил уурхай эрхлэгчид гар аргаар ойролцоогоор 10 гаруй төрлийн ашигт малтмалыг олборлож байгаа бөгөөд үүнээс алт, нүүрс, жоншний олборлолт давамгай байдаг ажээ.
1990 оны сүүлээр зах зээлийн шилжилтийн дараах үеээс эхлэн ажилгүйдэл, ядуурлаас үүдэлтэйгээр бичил уурхай эрхлэх явдал Монгол оронд анх газар авч эхэлжээ. Гар аргаар ашигт малтмал олборлох ажиллагаа Монгол орны хойд хэсэгт дэлгэрч , удалгүй нутгийн бүх хэсгийг хамарчээ. Одоогийн байдлаар Монгол оронд хууль бусаар гар аргаар уурхай эрхлэгчдийн тоо 100,000 хүрээд байна гэсэн баримт байгаа бөгөөд тэдгээр нь голчлон уул уурхайн компаниудын ашиглаж байсан талбайд ажиллаж байна. Эдгээр гар аргаар олборлогчид аливаа зохион байгуулалтанд ороогүй, ба тэдний үйл ажиллагаанаас архидалт, гэмт хэрэг, хүүхдийн хөдөлмөр гэх мэт нийгэмд олон төрлийн сөрөг нөлөөлөл давхар илэрдэг. Тэд олборлосон бүтээгдэхүүний ихэнх хувийг хар зах дээр борлуулах буюу хууль бусаар экспортлон гадагш гаргадаг практиктай аж.
Гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа манай орны байгаль орчин, гол усны экосистем болон хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулж байгаа бөгөөд Монгол оронд цөөнгүй тооны гол мөрний усны чанарын доройтолд нөлөөлж буй анхдагч шалтгааны нэг болдог. Энэ нь эмх замбараагүй, хууль бус мөнгөн ус, цианидийн хэрэглээ, гол горхины ойролцоох шороон ордын эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдлаас үүдэлтэй устай холбоотой халдварт өвчин нэмэгдэх, хөлдсөн газрыг гэсгээхийн тулд мод, аргал, резинэн дугуй зэргийг шатаасны улмаас гадаргын болон гүний ус бохирдох зэргээс үүдэлтэй.
Гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаарх хууль журмыг сайжруулах үүднээс Засгийн газар өнгөрсөн хугацаанд – 2010 онд Журам 308 (Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам) – хууль эрх зүйн, удирдлага зохицуулалтын тогтолцоо үүсгэсэн боловч үүний хэрэгжилт нь өнөөдөр учир дутагдалтай хэвээр байна. Ийнхүү Монгол улсад гар аргаар ашигт малтмал олборлогчдын талаар хууль эрх зүйн хангалтгүй орчин байдагаас үүдэн эдгээр бичил уурхай эрхлэгчид өнөөг хүртэл нийгмээс гадуурх үйл ажиллагаа эрхэлсээр байна. Бичил уурхай эрхлэгчдийн талаар гарах элдэв зөрчил, маргааныг бууруулж зөвшилцөлд хүргэх зүй зохистой гаргалгаа, зөв шийдвэр шаардлагатай байгаа бөгөөд энэхүү салбарыг уул уурхайн хууль эрх зүйн албан ёсны, хариуцлагатай уул уурхайн салбарын дэд салбар болгон өөрчлөх эерэг гарц бидэнд хэрэгтэй байна.
Тогтвортой бичил уурхай төслийн холбоос (SAM төсөл):
http://www.sam.mn/en.html