Бэлчээр
Монголын соёл нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйтай салшгүй холбоотой. Малчид олон мянган жилийн туршид мал сүргээ Монгол орны тал нутгаар хариулсаар ирсэн билээ. Хөдөө аж ахуй түүний дотроос мал аж ахуйн салбар нь манай орны эдийн засгийн салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг хэвээр байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг, гадаад валютын орлогын мөн гуравны нэгийг тус тус эзэлж байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75 хувь болох 117 сая га бэлчээр газар 39 сая гаруй мал сүрэг бэлчиж байгаа бөгөөд энэ нь 190,000 гаруй малчин өрхийн амьжиргааны гол хэрэгсэл болж байна.
Манай орны баруун хойд болон хойд зүгийн аймгуудаар орших уулархаг нутаг нь нийт бэлчээрийн газрын 27.1 хувийг; нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудаар орших тал нутгийн 22.8 хувийг; зүүн хойд аймгууд орчмын цөлөрхөг нутаг, говийн өмнөд болон хойд хэсгийн бэлчээрийн газар 19.5 хувийг; говийн аймгийн өмнөд хэсгийн бэлчээрийн газар нутаг 19.4 хувийг тус тус эзэлж байна.
Одоогийн байдлаар бэлчээрийн талхигдал, цөлжилт, хөрсний эвдрэл болон малын тэжээлийн өвс ургамлын хомсдол зэрэг хэд хэдэн тулгамдсан асуудал Монгол орны мал аж ахуйн салбарт нүүрлээд байна . Бэлчээрийн талхигдалд ихэвчлэн хүн ам суурьшсан газар болон усны эх үүсвэрийн ойролцоо газар нутаг өртдөг бөгөөд бэлчээрийн даацыг хэтрүүлснээс үүдэлтэй байдаг. Монголын бэлчээрийн газар нутгийн 70 гаруй хувь буюу 120 сая га газар тодорхой хэмжээгээр доройтож муудсан гэсэн тоо баримт байна. Үүнээс 90 сая га газар нь салхи, усны нөлөөллөөр эвдэрч гэмтэж байгаа бол 20 сая орчим га газар ус, 8 сая орчим га газар нь хүний буруутай үйл ажиллагааны улмаас элсээр хучигдсан бөгөөд ойролцоогоор 8 орчим сая га газар нь бэлчээрийн улмаас муудсаар байна. Бэлчээр ихээхэн доройтсон газар нутгийн хувьд бэлчээрээс олох орлого 5 дахин буурсан бөгөөд мал сүрэг тэжээлийн дутагдалд орж үрэгдэх явдал улам бүр нэмэгдэж байна.
1990-ээд оны эхэн буюу шилжилтийн дараах үеийн мал хувьчлал нь өнөөгийн хямралын гол үндэс суурийг тавьж хүмүүс олноороо хөдөө орон нутаг руу нүүн мал аж ахуй эрхлэх болсон билээ. Энэ нь мал сүргийн тоо ялангуяа ямааны тоо толгой огцом нэмэгдэхэд нөлөөлсөн бөгөөд үүний үр дүнд бэлчээрийн газрын даац хэтэрч эхэлжээ. Мөн түүнчлэн энэ нь бэлчээрийн улирлын чанартай уламжлалт хэв маягийг өөрчилсөн төдийгүй мал сүргийн тоо толгойн харьцаа болох 10 хонь нэг ямааны харьцаанд өөрчлөлт гарсан байна. Малчдыг ашиг орлого ихтэй ноолуурын зах зээлд хөл тавихад нөлөөлсөн ямааны тоо толгойн огцом өсөлт нь бэлчээрийн доройтуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн ажээ. Ямааны хоололтын зуршил мөн бэлчээрийн чанарт нөлөөлөх болсон байна Ямаа нь хөрс дахин сэргэхэд зайлшгүй шаардлагатай ургамлын үндсийг зулгаан иддэг аж. Энэхүү бэлчээрийн газрын доройтлын өөр бусад шалтгаанууд нь хуурайшил, ган гачиг болон цаг уурын өөрчлөлт зэрэгтэй холбоотой байна.