Усны Чанарын Хяналт Шинжилгээ
Сүүлийн жилүүдэд хотын хөгжил, мал аж ахуй, уул уурхай болон ойн зохисгүй хэрэглээ зэргээс үүдэлтэйгээр Монгол орны гол усны нөөц баялаг түүний чанар, тоо хэмжээнд аюул нүүрлээд байгаа билээ. Улс орны усны нөөц баялгийн энэхүү доройтлоос урьдчилан сэргийлэх үүднээс АНУ-ын Азийн Сангийн Ирээдүйгээ Баталгаажуулах нь хөтөлбөрийн хүрээнд Усны чанарын хяналт шинжилгээний ажлыг явуулж эхлээд байна. Энэхүү хөтөлбөр нь хариуцлагатай нөөц ашиглалтыг хангах зорилгоор Монголын ард түмэнд усны чанартаа хяналт тавих боломж олгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Усны чанарын хяналт шинжилгээ хөтөлбөрийн хүрээнд Монголын болон олон улсын экологич, биологич болон багш нар орон даяар олон арван голын уснаас дээж авч шинжлэн судалж байгаа бөгөөд багш, оюутан сурагчид болон ард иргэдийг гол усны чанарыг биолигийн аргаар хэрхэн хянан шалгахыг заан сургаж байна. Багш, оюутан сурагчдыг хамарсан хяналт шинжилгээний ажил нь биологийн аргаар усны чанарыг шинжлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамтай хамтран сургуулиудад сургалтын цоо шинэ арга барилыг нэвтрүүлэхээр зорьж байна. Судлаач шинжээчдийн ажил нь үндэсний хэмжээний мэдээллийн сан байгуулахад шаардлагатай биологи, хими болон физикийн мэдээлэл, тоо баримтаар хангахад хувь нэмрээ оруулж байна.
Эцсийн дүнд Монгол орны гол усны талаар өргөн хүрээтэй мэдээлэл, тоо баримт судалгааны материал гаргаснаар байгалийн баялгийн илүү зохистой ашиглалт, усны талаарх бодлого, усны нөөцийн удирдлага зохицуулалтыг хариуцлагатайгаар хэрэгжүүлэхэд төр засаг, иргэний нийгэм, олон нийтийн цаашдын үйл ажиллагаанд чухал хэрэглэгдэхүүн болох юм.